- Таны хүү хэдэн онд цэргийн сургуулийг төгссөн юм бэ.Яагаад заавал хилийн цэргийг сонгох болов?
-Миний
хүү 1998 онд арван жилийн сургуулиа төгсөөд өөрийнхөө хүсэлтээр хилийн
цэргийн 0151 дүгээр ангид алба хаасан. Цэрэгт байлдагч байхад нь очиход
“Би ерөөсөө хилийн хүн болно. Эх орныхоо хилийг манана гэдэг чинь нэр төрийн болоод жинхэнэ эр хүний хийх ёстой ажил юм байна” гээд л албаа хаасныхаа дараа шууд Хилийн
цэргийн дээд сургуульд орсон. Сургуулиа төгсөөд Зөвхан аймгийн Тэс
сумын хилийн цэргийн 0277 дугаар ангид хуваарилагдаж очоод тэнд дөрвөн
жил гаруй ажилласан. Хүү маань өөрийнхөө хүсэл зорилгоор хилийн цэргийг
сонгосон хүн. Тэгээд ч хилийн цэргийн ажил үнэхээр хүнд хэцүү ажил юм
билээ. Миний хүүгийн насны залуучууд хот суурин газарт аль хэдийнэ
төвхнөөд амжсан байхад хүү минь тушаал аваад л хаа яв гэнэ, тэр газарт
нь эхнэр хүүхдээ дагуулаад л нүүдлийн шувуу шиг амьдарсан. Тэглээ гээд
миний хүү хүний дор ороогүй бусад шиг л амьдралаа авч явсан. Эрхэлж буй
ажилдаа сэтгэл зүрхээ зориулсан нэгэн байсан. Цэргийн хүн цагаан зээр
хоёр нутаггүй гэдэг шиг миний хүү хээрээр гэр хийж хилийн цэргийн анги
хэсэж явсаар өөрийн гэсэн орон гэргүй байлаа. Очсон цэргийн ангийнхаа
гаргаж өгсөн байранд амьдарч үдшийн бор хоногтоо л эхнэр хүүхэд дээрээ
гэртээ орж ирдэг үнэнч хилчин байсан юм шүү.
-Улаан-Уулын хилийн заставт хүү чинь хэзээ томилогдож очсон юм бэ. Ер нь гэрийнхэнтэйгээ байнга холбоотой байдаг биз дээ?
-Дорноговийн Улаан-Уул руу хүү маань хоёр хүүхдээ аваад явсан болохоор хөгшин бид хоёр ач
нартаа санаа зовоод өдөр болгон шахуу л заставынх нь утсаар холбогдоод
ач нартайгаа, хүүтэйгээ ярьдаг байсан. Тэгэхэд миний хүү “Та санаа
зоволтгүй, хүү нь энд сайн байна. Застав маань их сайхан юм нөхөрсөг
хамт олон дээр ирлээ. Ажил хэвийн явагдаж байгаа” гээд л урд нь ярьдаг
байсан шигээ энгийн байсан. Хүү маань Шанаганы 7 дугаар заставт очоод
дөнгөж нэг сар гаруй болж байсан юм. Урд нь хилийн ангид очиж ажиллаад
л болоод байсан болохоор хүүгээ бусдын гарт харамсалтайгаар амь эрсдэнэ
гэж яаж санах билээ. Бид чинь тийм юм хэзээ ч бодохгүй шүү дээ.
-Талийгаачийг
саяхан нутаглуулсан гэж сонссон. Ажил явдал дээр нь найз нөхөд, ажлын
хамт олон нь ирсэн биз дээ. Ер нь ХХЕГ-ынхан хэр тусалж дэмжив?
-Өнгөрсөн долоо хоногт хүүгээ баруун наранд хөдөөлүүлсэн. Намайг хүүгийнхээ шарилыг аваад хотод
ирсэн өдрөөс аваад дунд сургууль болоод дээд сургуулийнх нь ангийн
хүүхдүүд, найз нөхөд хамт ажиллаж байсан ажлын газрынхан гээд олон
хүмүүс ирж тусалж сэтгэлийн дэм үзүүлсэнд би үнэхээр их баярласан. Ажил
явдал дээр нь ирж байгаа хүмүүсийг харахад миний хүү үнэхээр олонтойгоо
явсан бүтэн нэртэй хүн байжээ гэсэн бодол төрсөн шүү. Ажиллаж байсан
ангийн хамт олон болоод ХХЕГ-ын удирдлагууд ёстой байгаа бүхнээ бариад
л гүйсэн. Цэргийн хүнийг ямар хүндэтгэлтэйгээр нутаглуулдаг билээ түүн
шиг л ёслол төгөлдөр нутаглуулсан. Харин хүүгээ эх орныхоо төлөө зүтгэж
торгон хилээ манаж явсныг нь бодоод “Алтан өлгийд” нутаглуулъя гэсэн
саналыг ерөнхий газарт тавьсан ч боломжгүй гэсэн хариу хэлсэн.
-Талийгаачийн гэр бүлийн хүн болоод ээж нь ямаршуухан байна. Мэдээж энэ асуудлыг хүндээр тусгаж авсан биз. Хүүгийн тань гэргий нөхөртэйгээ хамт цэргийн ангид ажилладаг байсан гэл үү?
-Бэр
охин маань хэл уран зохиолын багш мэргэжилтэй. Цэргийн хүнтэй амьдралаа
холбосон болохоор мэргэжлээрээ ажиллаагүй. Нөхрийгөө дагаад л хилээр
явсан хүн ш дээ. Саяхан ангийнхаа шугамаар хотод ирж радиастын курст
суралцаад застав дээрээ холбоочин хийж байсан юм. Миний охин чинь
нөхөртөө хоёр сайхан хангай шиг түшигтэй хүү төрүүлж өгсөн хүн шүү дээ.
Одоо хүүгээс минь үлдэж байгаа эрдэнэ гэвэл хоёр ач хүү маань л байна.
Энэ хоёрыгоо хүний зэрэгт хүргэхийн төлөө зүтгэнэ гэсэн бодолтой явна.
Ерөнхий газраас анх хэргийн талаар сонсоод гэр бүлийн хүн маань бараг
галзуурах дөхсөн. Би ч итгэж чадаагүй очиж байж л үнэнтэй эвлэрсэн. Ээж
нь миний хүү үнсэхэд л босоод ирнэ гээд янз янзын юм яриад л сэтгэл нь
их үймрээд хөөрхий хэцүү л байна. Муу ээж, эхнэр
хоёрыг нь харахаар ахынх нь сэтгэл өмрөөд үнэхээр хэцүү байна.Гэхдээ
ирсэн нь буцдаг хорвоо хойно цаг бусаар явсан муу хүүгийнхээ хойноос
буян сайн үйлдье гэж бодоод буян номын газраар их явж байна. Би хүүдээ
өөрөөсөө илүү итгэдэг байсан. Миний хүү жинхэнэ эр байсан юм шүү.
-Та
сая ажиллаж байсан Улаан-Уулын отряд дээр очоод ирсэн. Ажлынх нь хамт
олон нь хүүгийн тань талаар ямар нэгэн юм ярьж байна уу?
-Миний
хүү тэр ангид очоод удаагүй байсан. Тэгээд ч хүүг маань муу хэлэх хүнд
тэнд байхгүй. Яагаад гэхээр аливаа ажилд сэтгэл зүрхээрээ ханддаг.
Эхэлсэн л бол заавал нааштай үр дүн харахыг зорьдог хүүхэд байсан.
-Дарга нар нь цэргүүдээ дарамталдаг байсан болохоор аргагүй эрхэнд цэргүүд нь боссон байх гэсэн яриа гадуур гараад байсан. Танд ямар нэгэн юм ажиглагдсан уу?
-Хүүгийнхээ шарилыг авахаар цэргийн анги дээр нь очоод захирагч болоод бусад удирдах хүмүүстэй нь уулзахад дарга
цэрэг нарын хооронд тийм зүй бус харьцаа огт байхгүй гэж байсан. Ангийн
байдлыг харахад ч янз бүрийн зүй бус дэглэм байхаар шинжгүй юм билээ.
Тэгээд ч миний хүү тэдэнтэй муудалцахаар тэгж их удаагүй. Харин миний
хүүг хөнөөсөн Э.Оюунболд гэдэг нөхөр хүүгийн маань орон гэрээр орж
гараад, туслах ажилдаа туслаад дэмжих зүйл дээрээ дэмжүүлээд
их дотно байсан гэж бэр маань хэлсэн. Хүү маань ч тэрэнд их итгэдэг
байсан юм билээ. Харамсалтай нь тэр хүүхэд миний хүүгийн итгэлийг алдаж
аминд нь аймшигтайгаар халдсан. Би очоод хүүгийнхээ шарилыг хараад
эхлээд таниагүй. Хүүг минь хүн танихын аргагүй болгосон байсан.
Барьцаанд байсан цэргүүдийн хэлж байгаагаар миний хүүг Э.Оюунболд
холоос буудаж унагачихаад очоод буугаа нүүр, цээжинд нь тулгаад буудаад
байсан гэсэн. Тэгж буудсан болоод ч тэр үү хүүг минь шүүр шанага шиг
болгосон байсан. Тиймээс хүүг минь хэрцгийгээр хөнөөсөн Э.Оюунболд
түүний хамсаатнуудыг ялын дээд хэмжээ авлаа гэж сонсож байж л сая миний
санаа амарна. Би хүүгийнхээ амийг амиар нь солиулна. Миний хүүг яаж
алсан тэрэн шиг нь тэднийг цээрлүүлэх ёстой. Хүүгийн маань жолооч хийж
байсан Итгэлтөгс даргыгаа буудуулж байхад хажууд нь байсан юм билээ.
Тэр хүүхэд буудуулаад золоор зугтаж гарсан байсан. Анги болоод
заставынх нь тохижилт үнэхээр сайн гэж хэлэхээр харагдсан. Дарга нар нь
тэдэнд их л зөөлөн ханддаг байснаас тэд даварсан байх. Жаргалтай газар
хүн тогтдоггүй гэдэг шиг тэр цэргүүд жаргалтай газар жинхэнэ даварсан
гэж хэлмээр байна.
-Хүүгийн тань бүрэлгэсэн цэргүүдийн ар гэрээс та нартай ирж уулзсан уу?
-Ямар
ч хүн ирээгүй. Ирэх нь байтугай утсаар ч яриагүй. Тэгж байгаад
уулзалдах байлгүй. Ар гэрийнхэнд нь ямар буруу байхав дээ. Ямар миний
хүүг тэд алчихсан биш. Харин хүүг минь хөнөөсөн тэр цэргүүдэд л голдоо
ортол гомдож байна.
-Барьцаанд байсан цэргүүдтэй уулзсан биз дээ. Тухай үеийн процессыг танд цэргүүд хэлсэн үү?

Сэтгэгдэлгүй байна